2008/02/22

Хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох алтан үе ирлээ

Өнөөдөр манай улс өмч хувьчлалын шинжтэй арилжаанаас хөрөнгө оруулалтын арилжаанд шилжих шилжилтийн сонгодог шатандаа явж байна.
Энэ бол хариуцлагатай түүхэн цаг үе, өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр 40 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдан мөн хэмжээний мөнгийг тухайн компаниуд өөрийн эргэлтэд оруулсан байх юм. Харин бондын тухайд бол 2001 оноос эхлэн компанийн бонд арилжиж эхэлжээ.
Өнөөдрийг хүртэл 10 гаруй компанийн 14 орчим тэрбум төгрөгийн бонд бирж дээр арилжаалагдсан байна. Бонд, хувьцаа хоёр мэдээж ялгаатай зүйлс. Хувьцаа эзэмшсэнээр тухайн хүн компанийн өмчлөгч нь болдог. Ногдол ашиг авч, санал өгч, компанийн удирдлагад сонгогдох зэрэг боломж нээлттэй байдаг. Харин бонд эзэмшигч нь тухайн компанид мөнгөө тодорхой хүүтэй, хугацаатайгаар зээлдүүлдэг. Хугацаа нь дууссаны дараа мөнгөө хүүтэй нь эргүүлэн авдаг. үнэт цаасны эдгээр хэлбэрийн аль аль нь манаи улсад хөгжлийнхөө эхлэлийн шатанд явж байна.
Энэ жил 40 мянган айлын орон сууцыг санхүүжүүлэхээр 60 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргасан. Одоогийн байдлаар 24.2 тэрбум төгрөгийн бонд нь арилжаалагдчихаад байна. Хөрөнгийн бирж 2004 онд жилдээ 650 сая төгрөгийн арилжаа хийсэн бол 2006 онд энэ тоо 12 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ бол монголчууд хөрөнгийн аах зээлийн ач холбогдлыг ойлгосны илрэл юм. Арилжааны дүн өсөхөд юу нөлөөлж байна вэ гэсэн асуулт гарлаа.
Сүүлийн жилүүдэд гаргасан хувьцааны нийлүүлэлт нэмэгдэж компаниудын хувьцааны ханш өссөн нь арилжааны дүн өсөхөд шууд нөлөөлж байна. Хоёр жил гаруйхны өмнө 1200 төгрөгийн үнэтэй байсан "Баянгол" зочид буудлын хувьцаа өнөөдөр 25-30 мянган төгрөгт хүрчихээд байна. "Багануур" ХХК-ийн нэгж хувьцаа нь бирж дээр 4500 төгрөгөөр арилжаалагдаж, "Улаанбаатар", "Баянгол" зэрэг зочид буудал, "Талх чихэр", "Max импекс", "Багануур", "Шарын гол", "Шивээ овоо" зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш ч илт өсч байна. Тэгэхээр монголчуудад хувьцаагаар хөлжих цаг нэгэнт эхэлчихээд байна. Хувьцааны бирж дээр тогтоосон үнэ урьд нь хэтэрхий доогуур байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа томоохон багц эзэмшигчид ихэнх хувийг нь эзэмшиж байгаа тохиолдолд үлдэгдэл хувьцааг иргэд авах сонирхолгүй байснаас ханш унадаг байсан.
Тэгвэл одоо хувьцааг хав дарах биш, эргэлтэд оруулах нь чухал гэдгийг ойлгосон учраас хувьцааны арилжаа идэвхжиж, нийлүүлэлт нэмэгдэж, үнэ өсч байна. Хувьцаа бол өндөр эрсдэлтэй бизнес гэж хүмүүс ойлгодог. Хувьцаагаар бизнес хийх, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох энгийн жишээ авч үзье. Тухайлбал, иргэн A 2005 онд "Баянгол" зочид буудлын 10 ширхэг хувьцааг нийт 12000 төгрөгөөр худалдан авчээ. Өнөөдөр нэгж хувьцааны үнэ 30000 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл түүний 12000 төгрөг нь хоёр жилд 30000 төгрөг болтлоо өсчихөөд байна гэсэн үг. Тэрээр уг хувьцаагаа хамгийн өндөр үнэ хүрсэн үед нь зараад илүу их өсөх магадлалтай өөр хувьцааг худалдан авч болох юм.
Хөрөнгө оруулагч аливаа компанийн хувьцааг худалдан авахын өмнө тухайн компаниа маш сайн судалсан байх учиртай. Учир нь тухайн компанийн тодорхой хувийг эзэмшсэнээр та өөрөө хариуцлага үүрэгч болон хувирна. Тэгэхээр хувьцаа нь өндөр эрсдэлтэй төдийгүй их ашигтай бизнес юм. Өөрөөр хэлбэл хувьцааны үнэ өсч, бууpax нь эрсдэл юм. Бондын хувьд энэ нь зээл бөгөөд ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй болсон тохиолдолд зээлийг төлж барагдуулах шаардлагатай эх үүсвэрийг барьцаалах боломж тухайн компанид олгодог. Мөн өөр байгууллагаар батлан даалт гаргуулж ч болно. Харин Засгийн газрын бондын тухайд бол өөр. Засгийн газар дампуурна гэсэн ойлголт байдаггүй учраас Засгийн газар өөрөө үнэт цаасныхаа баталгаа нь болж байгаа юм. Олон улсын төвшинд Засгийн газрын үнэт цаасыг хамгийн эрсдэлгүй үнэт цаас гэж үздэг.
Бичсэн: bat

No comments: