2008/02/22

176 мянган иргэн хувьцаа эзэмшигч - Монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос 9 сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил-2007" сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Уг өдөрлөг нь хөрөнгийн зах зээлийн талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх, тэдний боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн тойм, зах зээлийн судалгаа, мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх юм байна.
"Монгол орны хэмжээнд нийтдээ нэг сая 200 мянган хувьцаа эзэмшигч байдаг боловч 82 хувь нь хувьцааныхаа дансыг нээлгэсэн байдаг. Зарим иргэд данстай гэдгээ ч мэддэггүй. Нийт хувьцаа эзэмшигчдийн 17 хувь нь буюу 176 мянган иргэн хувьцаатай боловч дансаа нээлгээгүйн улмаас арилжаанд оролцох боломжгүй явдаг байна. Иймээс бид дансгүй иргэдийн дансыг үнэ төлбөргүйгээр нээж өгөх ба данстай иргэдийг дансандаа хэдэн хувьцаатай байна гэдгээ мэдэх боломжоор хангах болно" хэмээн Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат мэдээлж байна.
Хувьцаа эзэмшигч иргэд өөрийн иргэний үнэмлэх болон, түүнтэй дүйх бичиг баримттайгаа уг өдөрлөгт очсоноор дансаа нээлгэн, дансандаа хэдэн хувьцаатай байна гэдгээ мэдэж, уг дансаа өөрөө захиран зарцуулах, ашиглах боломжтой болох аж. Монгол орны хөрөнгийн зах зээлийн хөгжлийг харвал 1995-1999 онд Хувьцааны арилжаа давамгайлж байсан бол 2000-2005 онд Засгийн газрын бондын арилжаа давамгайлж, 2006 оноос эхлэн Засгийн газрын бонд болон хувьцааны арилжаа зэрэгцэн өссөн баримт байна. Энэ нь зах зээлийн эрэлт өссөнтэй холбоотой хэмээн үзэж буйгаа Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн илэрхийлж байна.
Бичсэн: bat

Америкийн санхүүгийн зээлийн үйлчилгээний хямрал бүх тивийг хамарлаа

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхийн санхүүгийн зах зээл АНУ-ын өндөр эрсдэл бүхий зээлийн зах зээлийн хямралд нэрвэгдээд байгаа билээ. Хямралд өртөгчид нэмэгдсээр байна. Компани, банкууд ажилчдаа цомхтгосон тухай мэдээлсээр. Австралийн Basic Yield Alpha Fund дампуурлаа зарлалаа. Санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцогчид энэ байдлыг чимээгүй ажигласаар, гэхдээ тэд ойрын үед шинэ таагүй мэдээлэл тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Америкийн зээлийн хоёр дахь том компани болох Freddie Mac энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашиг нь 45 хувь буурч 764 тэрбум ам.доллар болсон тухай мэдээллээ.
Хэдийгээр Freddie Mac Америкийн зээлийн зах зээлийг шууд удирддаггүй ч Америкийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хамарсан ерөнхий хямралд нэрвэгдээд байгаа нь энэ. Freddie Мас-ийн тэргүүн Ричард Сайрон "Америкийн ипотекийн зах зээл улам суларч байгаа" гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Компанийн ашиг буурсан талаарх мэдээлэл цацагдангуут Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь 3,5 хувиар буурч 61 ам.доллар болжээ.
Номхон далайн нөгөө эргийн Австралийн хөрөнгийн оруулалтын томоохон сан Basic Capital мөн хүндрэлд ороод байна. Тэдний хөрөнгийн сан болох Basic Yield Alpha Fund дампуурлаа. Энэ сан нь 200 сая ам.допларын хөрөнгийн активтай, мөн 100 сая ам.долларын зээлийн өртэй байсан бөгөөд Манхэттений шүүхээс зээлдэгчдээ дампуурлаас хамгаалахыг хүслээ. Шүүхээс аудитораар нь томилсон Grant Thornton сан хөрөнгө оруулагчдад мөнгийг нь буцаан олгох боломж байгаа эсэхийг судалж байна. Энэ оны эхээр Basic Yield Alpha Fund-ийн хөрөнгө нь 400 сая ам.доллараар хэмжигдэж байсныг дурдах хэрэгтэй.
Хямралын хохирогчид Европт ч бас байна. Их Британийн хоёр дахь том банк болох Royal Bank of Scotland АНУ дахь зарим салбараа хаасан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. үүний шалтгаан нь Америк дахь ипотекийн үнэт цааснуудынх нь эрэлт эрс буурсантай холбоотой аж. Америкийн салбаруудынх нь энэ оны эхний улирлын орлого 23 хувиар буурсан байна.
"Цус дахин урсах болно, тахал хурдацтай тархаж байна. Оргил үе нь наймдугаар сарын дунд үе байлаа" хэмээн Сиднейн Asia Pacific Asset Management шинжээч Жеймс Чирнсайдын хэлснийг Bloomberg агентлаг иш татаж байна. Зарим хүний үзэж байгаагаар иймэрхүү мэдээлэл ойрын хоёр гурван сардаа тасрахгүй гэнэ.
Бичсэн: bat

Монголын хөрөнгийн бирж

2007 оны 9-р сарын 3-7-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаа 5 удаа явагдаж нийт 64 компанийн 1.8 сая ширхэг хувьцаа арилжиж 1.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Засгийн газрын бондын арилжаагаар 182 хоногийн хугацаатай бондоос 50.0 мянган ширхгийг 4.8 тэрбум төгрөгөөр арилжлаа. 64 үнэт цаас арилжигдсанаас 45 үнэт цаасны ханш өссөн, 6 үнэт цаасны ханш нь буурсан, 13 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тор-20 индекс 13200.86 нэгж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 488.41 нэгжээр буюу 3.8 хувиар өсчээ. Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Төмрийн завод, Шивээ овоо, Махимпекс, АПУ, Дархан нэхий, Шарын гол, Зоос гоёл зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Женко тур бюро ХК-ийн 1.3 сая ширхэг, Шарын гол ХК-ийн 212.5 мянган ширхэг, Монинжбар ХК-ийн 85.3 мянган ширхэг, Зоос банк ХК-ийн 54.5 мянган ширхэг, УИД ХК-ийн 34.3 мянган ширхэг хувьцааг арилжсан нь идэвхитэй үнэт цааснууд байлаа. Олон нийтэд арилжигдаж буй 360 ХК-ийн нийт зах зээлийн үнэлгээ өмнөх 7 хоногийн зах зээлийн үнэлгээнээс 38.7 тэрбум төгрөгөөр өсч 777.0 тэрбум төгрөг болсон байна.
Бичсэн: bat

Хөрөнгийн зах зээл дээрээс мөнгө босгох алтан үе ирлээ

Өнөөдөр манай улс өмч хувьчлалын шинжтэй арилжаанаас хөрөнгө оруулалтын арилжаанд шилжих шилжилтийн сонгодог шатандаа явж байна.
Энэ бол хариуцлагатай түүхэн цаг үе, өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээр 40 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдан мөн хэмжээний мөнгийг тухайн компаниуд өөрийн эргэлтэд оруулсан байх юм. Харин бондын тухайд бол 2001 оноос эхлэн компанийн бонд арилжиж эхэлжээ.
Өнөөдрийг хүртэл 10 гаруй компанийн 14 орчим тэрбум төгрөгийн бонд бирж дээр арилжаалагдсан байна. Бонд, хувьцаа хоёр мэдээж ялгаатай зүйлс. Хувьцаа эзэмшсэнээр тухайн хүн компанийн өмчлөгч нь болдог. Ногдол ашиг авч, санал өгч, компанийн удирдлагад сонгогдох зэрэг боломж нээлттэй байдаг. Харин бонд эзэмшигч нь тухайн компанид мөнгөө тодорхой хүүтэй, хугацаатайгаар зээлдүүлдэг. Хугацаа нь дууссаны дараа мөнгөө хүүтэй нь эргүүлэн авдаг. үнэт цаасны эдгээр хэлбэрийн аль аль нь манаи улсад хөгжлийнхөө эхлэлийн шатанд явж байна.
Энэ жил 40 мянган айлын орон сууцыг санхүүжүүлэхээр 60 тэрбум төгрөгийн бондыг Засгийн газраас гаргасан. Одоогийн байдлаар 24.2 тэрбум төгрөгийн бонд нь арилжаалагдчихаад байна. Хөрөнгийн бирж 2004 онд жилдээ 650 сая төгрөгийн арилжаа хийсэн бол 2006 онд энэ тоо 12 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ бол монголчууд хөрөнгийн аах зээлийн ач холбогдлыг ойлгосны илрэл юм. Арилжааны дүн өсөхөд юу нөлөөлж байна вэ гэсэн асуулт гарлаа.
Сүүлийн жилүүдэд гаргасан хувьцааны нийлүүлэлт нэмэгдэж компаниудын хувьцааны ханш өссөн нь арилжааны дүн өсөхөд шууд нөлөөлж байна. Хоёр жил гаруйхны өмнө 1200 төгрөгийн үнэтэй байсан "Баянгол" зочид буудлын хувьцаа өнөөдөр 25-30 мянган төгрөгт хүрчихээд байна. "Багануур" ХХК-ийн нэгж хувьцаа нь бирж дээр 4500 төгрөгөөр арилжаалагдаж, "Улаанбаатар", "Баянгол" зэрэг зочид буудал, "Талх чихэр", "Max импекс", "Багануур", "Шарын гол", "Шивээ овоо" зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш ч илт өсч байна. Тэгэхээр монголчуудад хувьцаагаар хөлжих цаг нэгэнт эхэлчихээд байна. Хувьцааны бирж дээр тогтоосон үнэ урьд нь хэтэрхий доогуур байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа томоохон багц эзэмшигчид ихэнх хувийг нь эзэмшиж байгаа тохиолдолд үлдэгдэл хувьцааг иргэд авах сонирхолгүй байснаас ханш унадаг байсан.
Тэгвэл одоо хувьцааг хав дарах биш, эргэлтэд оруулах нь чухал гэдгийг ойлгосон учраас хувьцааны арилжаа идэвхжиж, нийлүүлэлт нэмэгдэж, үнэ өсч байна. Хувьцаа бол өндөр эрсдэлтэй бизнес гэж хүмүүс ойлгодог. Хувьцаагаар бизнес хийх, хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох энгийн жишээ авч үзье. Тухайлбал, иргэн A 2005 онд "Баянгол" зочид буудлын 10 ширхэг хувьцааг нийт 12000 төгрөгөөр худалдан авчээ. Өнөөдөр нэгж хувьцааны үнэ 30000 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл түүний 12000 төгрөг нь хоёр жилд 30000 төгрөг болтлоо өсчихөөд байна гэсэн үг. Тэрээр уг хувьцаагаа хамгийн өндөр үнэ хүрсэн үед нь зараад илүу их өсөх магадлалтай өөр хувьцааг худалдан авч болох юм.
Хөрөнгө оруулагч аливаа компанийн хувьцааг худалдан авахын өмнө тухайн компаниа маш сайн судалсан байх учиртай. Учир нь тухайн компанийн тодорхой хувийг эзэмшсэнээр та өөрөө хариуцлага үүрэгч болон хувирна. Тэгэхээр хувьцаа нь өндөр эрсдэлтэй төдийгүй их ашигтай бизнес юм. Өөрөөр хэлбэл хувьцааны үнэ өсч, бууpax нь эрсдэл юм. Бондын хувьд энэ нь зээл бөгөөд ямар нэгэн байдлаар зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүй болсон тохиолдолд зээлийг төлж барагдуулах шаардлагатай эх үүсвэрийг барьцаалах боломж тухайн компанид олгодог. Мөн өөр байгууллагаар батлан даалт гаргуулж ч болно. Харин Засгийн газрын бондын тухайд бол өөр. Засгийн газар дампуурна гэсэн ойлголт байдаггүй учраас Засгийн газар өөрөө үнэт цаасныхаа баталгаа нь болж байгаа юм. Олон улсын төвшинд Засгийн газрын үнэт цаасыг хамгийн эрсдэлгүй үнэт цаас гэж үздэг.
Бичсэн: bat

Хувьцаа гэж юу вэ?

Үнэт Цаасны Зах Зээлийн тухай хуулинд "Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ.
Хувьцаа нь танд 2 төрлийн орлого авчирна.

Ногдол ашиг
Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг
Ноогдол ашиг гэж вэ?

Ногдол ашиг гэдэг нь жил бүрийн ашгийн хувиарлалт юм. Түүний хэмжээг хувьцаа эзэмшигчийн хурлаар шийдвэрлэдэг. Хувьцаа эзэмшигч та тухайн компанид өөрийн хөрөнгөө бүрдүүлэх нь дэмжлэг үзүүлэх , ажиллах боломжийг нь олгож байгаагийн хариу урамшуулал.

Ханшийн өөрчлөлтөөс олох ашиг

Хөрөнгө оруулалт нь компанид орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдаж авах, шинэ технологи нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгодог бөгөөд ингэснээрээ зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлж , ирээдүйд өндөр ашиг олох үндэс суурь нь болдог. Энгийнээр тайлбарлахад Та ямар нэгэн компанийн хувьцааг 300 төгрөгөөр худалдаж авсан. Хувьцаа маань хэсэг хугацааны дараа 500 төгрөг болон өсөхөд та хувьцаагаа заран ашиг олж болох юм.Үүнийг л ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэнэ.

Бонд

Бонд нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм.

Үнэт цаасны үнэ ханш

Үнэт цаас нэг бүрийн нэрлэсэн үнийг тухайн үнэт цаасыг гаргаж байгаа хуулийн этгээд өөрөө тогтоодог. Үнэт цаас гаргаад анхлан худалдаж байгааг анхдагч зах зээл гэнэ. Анхдагч зах зээл дээр үнэт цаасны нийлүүлэлт тогтвортой нэг түвшинд байдаг. Анхдагч зах зээл дээр үнэт цаас арилжаалагдаж дуусаад худалдан авагч өөрийн эзэмшсэн үнэт цаасаа эргэн худалдахыг хоёрдогч зах зээл гэнэ.

Арилжаанд оролцох

Биржийн арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон байгууллагууд оролцдог. Эдгээрт Брокер Дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын банк хамаарна. Нийт 25 Брокер Дилерийн Компани үйл ажиллагаагаа явуулж байна. Та эдгээр Брокер Дилерийн компаниас сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа даваагаас баасан гаригт 1100 цагаас 1200 хүртэл Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.

Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх
Захиалга нь

Зах зээлийн захиалга
Нөхцөлт захиалга гэсэн 2 төрөлтэй байдаг.
Зах зээлийн захиалга нь тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай.

Нөхцөлт захиалга нь хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.

Хувьцаа эзэмшигдийн хурал

Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна. Хувь нийлүүлэлчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дуссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуулана.

5 хувийн мэдүүлэг

Компанийн нийтэд санал болгон гаргасан хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг дангаар буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн хамтаар худалдан авсан этгээд уг үнэт цаасыг худалдан авснаас хойш ажлын 10 хоногийн дотор Санхүүгийн Зохицуулах Хороонд мэдүүлэх үүрэгтэй.

Та 5 хувийн мэдүүлэгээ “Үнэт Цаасын Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” / ҮЦТТТХТ/ гаргуулан Санхүүгийн Зохицуулах Хороонд /СЗХ/ өгнө.

Монголчууд бидний хувьд хувьцаа (үнэт цаас) харьцангуй шинэ ойлголт. Хөрөнгө мөнгөө олшруулж, ашиг хүртэх замыг бизнес эрхлэх, банкинд хадгалах мэтээр төсөөлсөөр ирсэн гэхэд хилсдэхгүй. Гэтэл хувьцаа нь аль эртнээс Европ, Азийн орнуудын эдийн засгийн гол эргэлт буюу санхүүгийн зах зээлийн гол хэрэгсэл болон хөгжсөөр иржээ. Хувьцаа худалдан авахад тухайн компанийн ашиг орлого, бие даах чадвар чухал. Мөн үүнээс дутахааргүй гол зүйлийн нэг нь түүнийг худалдан авах зохистой цаг хугацааг тодорхойлох чадвар бөгөөд энэ чадварыг эзэмшихийн тулд маш гүнзгий, өргөн мэдлэг эзэмших ёстой. Хувьцаа худалдан авах оновчтой арга ухааны загалмайлсан эцэг гэгддэг эрхэм бол Бенжамин Грахам юм. Түүний бизнес ухаан, тууштай байх үзэл нь дэлхий даяар нэрийг нь цуурайтуулж чадсан.








"Ухаалаг хөрөнгө оруулагч" хэмээх бүтээлээрээ алдарших замаа тавьжээ. Энэ номд Грахамын гол үзэл санаа болох үнэ цэнэд тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болжээ. Ялангуяа үнийг нь төлж, цэнийг нь тунгаа гэсэн үзэл нь энэ номд тод илэрсэн байна. Энэ номд шингэсэн гол санаа нь таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын хооронд эрсдэлгүйн зааг байх ёстой. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй пүүсийн өөрийн дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс өндөр байх ёстой юм.

Өөрөөр хэлбэл та ямар нэгэн юмыг шаардсан үнээр нь худалдан авна. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадахаас тань л ашигтай наймаа хийсэн эсэх нь шалтгаалах болно. 1934 оны үед бонд болон бусад зээллэгүүд л найдвартай хөрөнгө оруулалт, хувьцаа бол аз сорьсон наймаа гэж тооцогддог байсан юм. Хөрөнгө оруулалтын томоохон хэлбэр болох хувьцаанд иргэд тэр бүр итгэхгүй бондыг л эрсдэлгүй үнэт цаас хэмээн ойлгож байсан энэ үед "үнэт цаасыг шинжихүй" бүтээл нь хэвлэгдэн гарснаараа хувьцааны ач тус, ашиг орлогыг иргэдэд ойлгуулах томоохон эргэлт болж чадсан.

Учир нь хувьцаа нь зөвхөн аз сорьсон наймаа бус хамгийн өндөр ашигтай санхүүгийн хэрэгсэл гэдгийг нь баталсан хэрэг. Ингэж л та бидний дунд өдөр бүр арилжиж буй хувьцааны бизнес хөгжиж байсан хэрэг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнөх судалгаа шинжилгээнээс гадна худалдан авсан хувьцаагаараа хэрхэн хөлжихийг зааж сургаж чаддагт түүний нууц оршиж байв.

Бичсэн: bat

Ажилчид хувьцаа эзэмших Монгол үлгэр

Хадгаламжид хийвэл олсон хэдээсээ татвар төлөхгүй, харин компанийн хувьцаанд хийвэл эхлээд компанийн ашгийн татвар, дараа ногдол ашгаас нь дахин татвар авна. Ийм байхад хэн мөнгөө хувьцаанд оруулах вэ дээ-

Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү (УИХ-ын гишүүн асан, хуучин Үнэт цаасны хороонд ажиллаж байсан туршлагатай хүн) дампуурсан байдалтай байгаа Монголын Хөрөнгийн биржийг босгох гэж их чармайж нэлээд ажил зохиосны сүүлчийнх нь компаниудын ажилчдыг өөрсдийнхөө компанийн хувьцааг эзэмших нь зүйтэй гэсэн санаа билээ. Энд буруу зүйл огт байхгүй. Ажилчид хөрөнгө оруулах мөнгөтэй бол юугаа хийнэ үү тэдний хэрэг. Даан ч амьдрал дээр энэ нь цаг үеэ олоогүй, өнөөгийн хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн бодит байдалд дүн шинжилгээ хийж тулгуурлаагүй, зүгээр л нэг хий хоосон популист, бүтэшгүй зөгнөлт ажиллагаа гэдгээ энэ олон жил хуримтлуулсан туршлагатай хүний хувьд мэдмээр юм даа, Компанийнхаа хувьцааг ажиллагсад нь эзэмших нь одоогоор бол үлгэр. Яагаад гэдгийг тайлбарлая. Нэн тэргүүнд ажилчид ч бай хэн ч бай хөрөнгө оруулагчид ашиг, өгөөж илүү амлаж буй газарт л мөнгөө хийх нь ойлгомжтой. Өнөөдөр хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаагаа явуулж (луйвардаж) ажиллаж л байна. Хамгийн их унацтай хөрөнгө оруулах боломж энэ. Сарын 3-5 хувийн хүүтэй хадгаламж, жилийн 36-60 хувийн ашигтай. Дээрээс нь эрхэм гишүүдийн буянаар олсон ашгаасаа хуулийн дагуу ямар ч татвар төлөхгүй. Ганц гэм нь гэвэл хадгалуулсан мөнгөө эргэж харахгүй, тэр мөнгө нь хууль бус юманд зарцуулагдаж хулхи хүмүүсийн гараар ордог жамтай. Тиймээс хувьцааны захыг хөгжүүлье гэвэл эхлээд энэ хадгаламж зээлийн хоршоодыг алга болох хэрэгтэй. Дараа нь хоорондоо уралдаж өндөр хүү амлаж байгаа банкуудтай яаж нэг үйлдвэрлэл явуулж буй компани орлого, ашгаараа өрсөлдөх билээ дээ. ХААН банк, АПУ хоёрын жилийн ашгийг нь харьцуулаад үз л дээ. Хадгаламжид хийвэл олсон хэдээсээ татвар төлөхгүй, харин компанийн хувьцаанд хийвэл эхлээд компанийн ашгийн татвар, дараа ногдол ашгаас нь дахин татвар авна. Ийм байхад хэн мөнгөө хувьцаанд оруулах вэ дээ. Нөгөө талаас тэр жишээ гаргаад байгаа нутаг орныхоо байдалд дүгнэлт хиймээр юм. Япон эсхүл өндөр хөгжилтэй барууны орнуудтай харьцуулах гэвэл тэдгээр орныхоо ядаж цалин, хөлсийг нь Монголтой харьцуулал даа. Японд ажилчны сарын цалин 3000 ам.доллароос дээш байхад манайх сард 300 мянган төгрөг ч хүрэхгүй байна. Японд банкны хадгаламжийн хүү жилд 2 хувь ч хүрэхгүй байхад манайх жилийн 20 хувиас дээш байх жишээтэй. Тэр яриад байгаа Япон компаниудын жилийн борлуулалтын орлого нь 20-иос дээш тэрбум ам.доллар байхад манай компаниуд жилдээ 20 сая ам.долларт ч хүрэхгүй. Харьцуулах аргагүй тоо байхад зөгнөлт зүйл ярих юм даа. Ажилчид ч, бусад хөрөнгө оруулагчид ч хувьцаанд мөнгөө хийж хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд эхлээд манай компаниуд томрох хэрэгтэй. Доод тал нь жилдээ 50 саяас дээш орлого олдог, 3 саяас багагүй ашиг хийдэг байх нь үндсэн шалгуур үзүүлэлт юм. Энэ нь тайлан балансаа нэг гаргаж хуулийн дагуу шударга ажиллана гэсэн үг. Дараа нь хадгаламж зээлийн луйвар үгүй болж, банкны хадгаламжийн хүү жилд 5 хувиас хэтрэхгүй байх санхүүгийн зах зээлийн орчин бүрдэх шаардлагатай. Эцэст нь Монгол хүний дундаж сарын хөлс доод тал нь 1000 ам.доллар болсон байх хэрэгтэй. Харин ажилчид цалин хөлсөөсөө хөрөнгө оруулахгүй хувьцаа эзэмших нэг арга бий. Тэр нь ажилчдаа шагнах замаар хувьцаа олгож болно. Заавал бэлэн мөнгө rap дээр нь олгохгүй ажил олгогч сайн ажилласан хүмүүсдээ урамшуулал хэлбэрээр хувьцаа олгодог. Ингэж олгосон хувьцаанд ямар ч татвар ногдуулдаггүй тул АНУ-д энэ хэлбэр түгээмэл байдаг. Гэтэл манайд одоогоор тийм хууль зүйн орчин алга. Учир нь, олгосон шагналаас нь нийгмийн даатгал, эрүүл мэнд, хүн амын гээд өчнөөн татвар авна. Энэ компанид ч, ажилчинд ч огт ашигтай зүйл бус юм. Тиймээс санхүүгийн бодлогоос гадна татварын бодлогоор иргэдийг хувьцаа эзэмших хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой.

А.Ангар
Нийтлэгдсэн хэвлэл: Sonin.mn

Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс

- Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр байсан ч гэсэн хямд пүүсүүд олдох л болно.
- Аль нэг хувьцааны үнэ өслөө, буурлаа гэх бүрт тэр хувьцааг худалдаж авах хэрэггүй.
- Нэг ширхэг хувьцааг авахдаа хүртэл бүхэл бүтэн пүүс авч байгаа мэт хямгатай ханд. Хурдан ашгийн хойноос хэзээ ч бүү хөөцөлд. Хувьцааг нь насан туршдаа хадгалж чадна гэсэн компанидаа л хөрөнгө оруул.
- Цэнэ /болон өөрийн өртөг/ ийг эрэлхийл.
- Чанарт анхаар. Тухайн компаний ашиг олон жилийн туршид өссөөр байх болно гэсэн итгэлтэй үедээ л хувьцааг нь худалдан ав.
- Хувьцаа, зээллэгийг хольж багцаа бүрдүүл. Багцны тань дор хаяж 25 % чинь бэлэн мөнгө болон бонд болон бусад зээллэгийн төрлүүд байх ёстой. Доод тал нь найман өөр хувьцаа эзэмшиж бай.
- Хамгийн чухал нь өөрөө сэтгэ, хүлээцтэй бай. Хамгийн их ашиг нь “шоовдор” гэгдэх хувьцаануудаас ирдэг бөгөөд үүний тулд дор хаяж таваас дээш жил хүлээх /дарах/ нь элбэг.
- Хувцааны өгөөж нь зээллэгүүдийн дундаж өгөөжөөс даруй хоёр дахин их байх ёстой.
- Хувьцааны одоогийн үнэ/ашигийн харьцаа нь сүүлийн таван жилийнх нь хамгийн өндөр байсан үнэ/ашгийн харьцаанаас дор хаяж 40 % доогуур байх ёстой. Өөрөөр хэлбэл урьд нь ашигтай ажиллаж байсан ч одоохондоо тэр хэмжээндээ хүрч чадаагүй сул байгаа гэсэн үг.
- Ногдол ашгийн өгөөж нь санхүүгийн зах зээл дээрхи зээллэгүүдийн дундаж өгөөжийн 66 % тай тэнцүү буюу илүү байх.
- Хувьцааны зах зээлийн үнэ нь бүртгэлийн үнийхээ 66 % иас илүүгүй байх.
- Тухайн компаний хөрөнгийн зах зээл дээрхи нийт хувьцааны үнэ нь тухайн компаний эргэлтийн цэвэр хөрөнгийн 66 хувиас илүү байх ёстой.
- Өр зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс ихгүй байх.
- Эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөөс хоёр дахин их байх.
- Нийт өр төлбөр нь тухайн пүүсийн эргэлтийн цэвэр хөрөнгийг хоёр дахин үржүүлснээс бага байх.
- Тухайн пүүсийн ашиг сүүлийн арван жилд дунджаар дор хаяж 7% өссөн байх.

Худалдах шалгуурууд
* Хувьцааны үнэ 50 % иас илүүтэйгээр өссөн бол
* Ногдол ашиг буурах юм уу, олгохгүй гэсэн мэдэгдэл гарвал
* Нэг хувьцаанд ногдох ашиг буурснаар хувцааны зах зээлийн үнэ буурч эхэлбэл

* Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмаа олж, судалгаа хийж, шийдвэр гаргах техникийг өөртөө бүрдүүл.
* Түүндээ үнэнч бай.

Ишлэсэн: банжиг.мэдлэг