2008/02/22

Америкийн санхүүгийн зээлийн үйлчилгээний хямрал бүх тивийг хамарлаа

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш дэлхийн санхүүгийн зах зээл АНУ-ын өндөр эрсдэл бүхий зээлийн зах зээлийн хямралд нэрвэгдээд байгаа билээ. Хямралд өртөгчид нэмэгдсээр байна. Компани, банкууд ажилчдаа цомхтгосон тухай мэдээлсээр. Австралийн Basic Yield Alpha Fund дампуурлаа зарлалаа. Санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцогчид энэ байдлыг чимээгүй ажигласаар, гэхдээ тэд ойрын үед шинэ таагүй мэдээлэл тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Америкийн зээлийн хоёр дахь том компани болох Freddie Mac энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ашиг нь 45 хувь буурч 764 тэрбум ам.доллар болсон тухай мэдээллээ.
Хэдийгээр Freddie Mac Америкийн зээлийн зах зээлийг шууд удирддаггүй ч Америкийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хамарсан ерөнхий хямралд нэрвэгдээд байгаа нь энэ. Freddie Мас-ийн тэргүүн Ричард Сайрон "Америкийн ипотекийн зах зээл улам суларч байгаа" гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Компанийн ашиг буурсан талаарх мэдээлэл цацагдангуут Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь 3,5 хувиар буурч 61 ам.доллар болжээ.
Номхон далайн нөгөө эргийн Австралийн хөрөнгийн оруулалтын томоохон сан Basic Capital мөн хүндрэлд ороод байна. Тэдний хөрөнгийн сан болох Basic Yield Alpha Fund дампуурлаа. Энэ сан нь 200 сая ам.допларын хөрөнгийн активтай, мөн 100 сая ам.долларын зээлийн өртэй байсан бөгөөд Манхэттений шүүхээс зээлдэгчдээ дампуурлаас хамгаалахыг хүслээ. Шүүхээс аудитораар нь томилсон Grant Thornton сан хөрөнгө оруулагчдад мөнгийг нь буцаан олгох боломж байгаа эсэхийг судалж байна. Энэ оны эхээр Basic Yield Alpha Fund-ийн хөрөнгө нь 400 сая ам.доллараар хэмжигдэж байсныг дурдах хэрэгтэй.
Хямралын хохирогчид Европт ч бас байна. Их Британийн хоёр дахь том банк болох Royal Bank of Scotland АНУ дахь зарим салбараа хаасан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. үүний шалтгаан нь Америк дахь ипотекийн үнэт цааснуудынх нь эрэлт эрс буурсантай холбоотой аж. Америкийн салбаруудынх нь энэ оны эхний улирлын орлого 23 хувиар буурсан байна.
"Цус дахин урсах болно, тахал хурдацтай тархаж байна. Оргил үе нь наймдугаар сарын дунд үе байлаа" хэмээн Сиднейн Asia Pacific Asset Management шинжээч Жеймс Чирнсайдын хэлснийг Bloomberg агентлаг иш татаж байна. Зарим хүний үзэж байгаагаар иймэрхүү мэдээлэл ойрын хоёр гурван сардаа тасрахгүй гэнэ.
Бичсэн: bat

No comments: