2008/02/22

176 мянган иргэн хувьцаа эзэмшигч - Монголын хөрөнгийн бирж

Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооноос 9 сарын 16-ны өдөр Сүхбаатарын талбайд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил-2007" сэдэвт өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Уг өдөрлөг нь хөрөнгийн зах зээлийн талаар иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх, тэдний боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн тойм, зах зээлийн судалгаа, мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх юм байна.
"Монгол орны хэмжээнд нийтдээ нэг сая 200 мянган хувьцаа эзэмшигч байдаг боловч 82 хувь нь хувьцааныхаа дансыг нээлгэсэн байдаг. Зарим иргэд данстай гэдгээ ч мэддэггүй. Нийт хувьцаа эзэмшигчдийн 17 хувь нь буюу 176 мянган иргэн хувьцаатай боловч дансаа нээлгээгүйн улмаас арилжаанд оролцох боломжгүй явдаг байна. Иймээс бид дансгүй иргэдийн дансыг үнэ төлбөргүйгээр нээж өгөх ба данстай иргэдийг дансандаа хэдэн хувьцаатай байна гэдгээ мэдэх боломжоор хангах болно" хэмээн Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат мэдээлж байна.
Хувьцаа эзэмшигч иргэд өөрийн иргэний үнэмлэх болон, түүнтэй дүйх бичиг баримттайгаа уг өдөрлөгт очсоноор дансаа нээлгэн, дансандаа хэдэн хувьцаатай байна гэдгээ мэдэж, уг дансаа өөрөө захиран зарцуулах, ашиглах боломжтой болох аж. Монгол орны хөрөнгийн зах зээлийн хөгжлийг харвал 1995-1999 онд Хувьцааны арилжаа давамгайлж байсан бол 2000-2005 онд Засгийн газрын бондын арилжаа давамгайлж, 2006 оноос эхлэн Засгийн газрын бонд болон хувьцааны арилжаа зэрэгцэн өссөн баримт байна. Энэ нь зах зээлийн эрэлт өссөнтэй холбоотой хэмээн үзэж буйгаа Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн илэрхийлж байна.
Бичсэн: bat

No comments: