2008/02/22

Ажилчид хувьцаа эзэмших Монгол үлгэр

Хадгаламжид хийвэл олсон хэдээсээ татвар төлөхгүй, харин компанийн хувьцаанд хийвэл эхлээд компанийн ашгийн татвар, дараа ногдол ашгаас нь дахин татвар авна. Ийм байхад хэн мөнгөө хувьцаанд оруулах вэ дээ-

Монголын Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү (УИХ-ын гишүүн асан, хуучин Үнэт цаасны хороонд ажиллаж байсан туршлагатай хүн) дампуурсан байдалтай байгаа Монголын Хөрөнгийн биржийг босгох гэж их чармайж нэлээд ажил зохиосны сүүлчийнх нь компаниудын ажилчдыг өөрсдийнхөө компанийн хувьцааг эзэмших нь зүйтэй гэсэн санаа билээ. Энд буруу зүйл огт байхгүй. Ажилчид хөрөнгө оруулах мөнгөтэй бол юугаа хийнэ үү тэдний хэрэг. Даан ч амьдрал дээр энэ нь цаг үеэ олоогүй, өнөөгийн хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн бодит байдалд дүн шинжилгээ хийж тулгуурлаагүй, зүгээр л нэг хий хоосон популист, бүтэшгүй зөгнөлт ажиллагаа гэдгээ энэ олон жил хуримтлуулсан туршлагатай хүний хувьд мэдмээр юм даа, Компанийнхаа хувьцааг ажиллагсад нь эзэмших нь одоогоор бол үлгэр. Яагаад гэдгийг тайлбарлая. Нэн тэргүүнд ажилчид ч бай хэн ч бай хөрөнгө оруулагчид ашиг, өгөөж илүү амлаж буй газарт л мөнгөө хийх нь ойлгомжтой. Өнөөдөр хадгаламж зээлийн хоршоод үйл ажиллагаагаа явуулж (луйвардаж) ажиллаж л байна. Хамгийн их унацтай хөрөнгө оруулах боломж энэ. Сарын 3-5 хувийн хүүтэй хадгаламж, жилийн 36-60 хувийн ашигтай. Дээрээс нь эрхэм гишүүдийн буянаар олсон ашгаасаа хуулийн дагуу ямар ч татвар төлөхгүй. Ганц гэм нь гэвэл хадгалуулсан мөнгөө эргэж харахгүй, тэр мөнгө нь хууль бус юманд зарцуулагдаж хулхи хүмүүсийн гараар ордог жамтай. Тиймээс хувьцааны захыг хөгжүүлье гэвэл эхлээд энэ хадгаламж зээлийн хоршоодыг алга болох хэрэгтэй. Дараа нь хоорондоо уралдаж өндөр хүү амлаж байгаа банкуудтай яаж нэг үйлдвэрлэл явуулж буй компани орлого, ашгаараа өрсөлдөх билээ дээ. ХААН банк, АПУ хоёрын жилийн ашгийг нь харьцуулаад үз л дээ. Хадгаламжид хийвэл олсон хэдээсээ татвар төлөхгүй, харин компанийн хувьцаанд хийвэл эхлээд компанийн ашгийн татвар, дараа ногдол ашгаас нь дахин татвар авна. Ийм байхад хэн мөнгөө хувьцаанд оруулах вэ дээ. Нөгөө талаас тэр жишээ гаргаад байгаа нутаг орныхоо байдалд дүгнэлт хиймээр юм. Япон эсхүл өндөр хөгжилтэй барууны орнуудтай харьцуулах гэвэл тэдгээр орныхоо ядаж цалин, хөлсийг нь Монголтой харьцуулал даа. Японд ажилчны сарын цалин 3000 ам.доллароос дээш байхад манайх сард 300 мянган төгрөг ч хүрэхгүй байна. Японд банкны хадгаламжийн хүү жилд 2 хувь ч хүрэхгүй байхад манайх жилийн 20 хувиас дээш байх жишээтэй. Тэр яриад байгаа Япон компаниудын жилийн борлуулалтын орлого нь 20-иос дээш тэрбум ам.доллар байхад манай компаниуд жилдээ 20 сая ам.долларт ч хүрэхгүй. Харьцуулах аргагүй тоо байхад зөгнөлт зүйл ярих юм даа. Ажилчид ч, бусад хөрөнгө оруулагчид ч хувьцаанд мөнгөө хийж хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд эхлээд манай компаниуд томрох хэрэгтэй. Доод тал нь жилдээ 50 саяас дээш орлого олдог, 3 саяас багагүй ашиг хийдэг байх нь үндсэн шалгуур үзүүлэлт юм. Энэ нь тайлан балансаа нэг гаргаж хуулийн дагуу шударга ажиллана гэсэн үг. Дараа нь хадгаламж зээлийн луйвар үгүй болж, банкны хадгаламжийн хүү жилд 5 хувиас хэтрэхгүй байх санхүүгийн зах зээлийн орчин бүрдэх шаардлагатай. Эцэст нь Монгол хүний дундаж сарын хөлс доод тал нь 1000 ам.доллар болсон байх хэрэгтэй. Харин ажилчид цалин хөлсөөсөө хөрөнгө оруулахгүй хувьцаа эзэмших нэг арга бий. Тэр нь ажилчдаа шагнах замаар хувьцаа олгож болно. Заавал бэлэн мөнгө rap дээр нь олгохгүй ажил олгогч сайн ажилласан хүмүүсдээ урамшуулал хэлбэрээр хувьцаа олгодог. Ингэж олгосон хувьцаанд ямар ч татвар ногдуулдаггүй тул АНУ-д энэ хэлбэр түгээмэл байдаг. Гэтэл манайд одоогоор тийм хууль зүйн орчин алга. Учир нь, олгосон шагналаас нь нийгмийн даатгал, эрүүл мэнд, хүн амын гээд өчнөөн татвар авна. Энэ компанид ч, ажилчинд ч огт ашигтай зүйл бус юм. Тиймээс санхүүгийн бодлогоос гадна татварын бодлогоор иргэдийг хувьцаа эзэмших хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломжтой.

А.Ангар
Нийтлэгдсэн хэвлэл: Sonin.mn

No comments: